Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрт нэгдлээ

Монголбанкнаас санаачлан санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлж, Сангийн яам, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Монголын даатгагчдын холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод, их дээд сургуулиудтай хамтран Дэлхийн банкны тусламжтайгаар удаа дараагийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд энэхүү хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөрийг боловсруулахад дэлхийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага төдийгүй өөрийн орны онцлог байдал, хүн амын санхүүгийн боловсролын түвшинг харгалзан үзэж хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг тодорхойлов.

Хөтөлбөрийн ач холбогдол

Иргэдийн санхүүгийн мэдлэг сайжрах нь эдийн засгийн бодит өсөлт болон ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэйгөөс гадна хэрэглэгчид, санхүүгийн үйлчилгээний салбар, засгийн газар, төв банк, бусад санхүүгийн зохицуулах үүрэг бүхий байгууллагууд, боловсрол олгогчид, ажил олгогч, ажиллагчид болон сайн дурын байгууллагууд зэрэг олон оролцогч талуудад ашиг тусаа өгдөг. Санхүүгийн боловсрол нэмэгдсэнээр дараах гол үр дүн гарна.

  • Иргэдийн мэдлэг дээшилснээр санхүүгийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ;
  • Иргэд өөрийн хэрэгцээнд тохирсон, зөв бүтээгдэхүүн сонгох боломжтой болно;
  • Санхүүгийн залилан, мэхлэлээс урьдчилан сэргийлэх явдал нэмэгдэж, түүнд өртөх иргэдийн тоо буурна;
  • Иргэдийн хадгаламж нэмэгдэж, өр багасна;
  • Хувь хүний ажлын бүтээмж нэмэгдэнэ;
  • Хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өснө;
  • Ядуурал, гэмт хэрэг буурна.

Хөтөлбөрийн алсын хараа болон зорилт

Хөтөлбөрийн алсын хараа:  Монгол Улсын иргэд өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй болно.

Хөтөлбөрийн зорилт:

  • Иргэдийн хувийн санхүүгээ зохистой удирдах чадварыг дээшлүүлэх;
  • Иргэдийг санхүүгийн залилангаас өөрийгөө хамгаалах чадвартай болгох;
  • Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын байгаа нөөц бололцоог зөв, үр ашигтай зарцуулан зохион байгуулах;
  • Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд оролцож байгаа байгууллага болон хувь хүмүүс үр дүнтэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх болно.