ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, НЭГЖИЙН БАГШ НАРЫГ “СУРГАГЧ БАГШ”-ААР БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2015 онд дэмжин баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан дээрх байгууллагуудтай хамтран Говь-Алтай аймагт 2018 оны 05 сарын 13-17-ны өдрүүдэд, Баянхонгор аймагт 5-р сарын 17-21-ны өдрүүдэд тус тус амжилттай зохион байгууллаа. Хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэм, эдийн засгийн олон сорилтуудтай тулгарч буй иргэдэд санхүүгийн шийдвэр гаргахад нь боловсролоор дамжуулан эерэгээр нөлөөлөх, тэдэнд санхүүгийн суурь боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарын тогтолцоог бий болгон бэлтгэх, тэднийг чадавхжуулах зорилгоор дээрх 2 аймгийн Насан туршийн боловсролын төв, нэгж болон бусад холбогдох байгууллагуудын 70 багш, ажилтныг “Сургагч багш”-аар бэлтгэлээ.